Buscar

Páginas

Залхалт

Дотор минь шуурга дэгдээд л, дэгдээл д...  Гэхдээ  түүнийг ил гаргаж, дэмийрүүлэхгүйн тулд би дэндүү ихээр тэвчиж байгаа. Хавсарганд дайгдсан нарийн ширхэгтэй шороо тоос толгойтой гэзгэнд минь яаж шингэж, нүүрний минь хаа нэгтээ тодорч тогтсон үрчлээсний завсраар хэрхэн хургаж байгааг мэдрэх тусам би улам л галзуурмаар... 
Бүх зүйлсээс залхдаг тэр л үе ирчихэж. Тиймдээ ч хавраас илүү намрыг би хайрладаг байх. Намар дандаа л сайхан байдаг гэж хэлж чадахгүй ч гэлээ, нэг л налайсан сайхан тайван байдаг. Уур бухимдал, бачимдал хүртэл тайван байдаг. Сэтгэлийн гүнээс цуурайтаж байгаа хашгираан хүртэл цаанаа л нэг тайван байдагсан.  
Хавраас бусад аль ч үед  эхлүүлсэн аливаа үйлийнхээ бурууг, ямар тэнэг шийдвэр байсныг хавар болохоор л мэдрээд байх юм. Тэр бачуурал бухимдал дотроос минь өрвөлзөж, өндийгөөд "Чи дэндүү, бүр арай дэндүү буруу зүйл хийгээд байна шүү дээ" гээд л өдөр шөнийн алинд нь ч байсан цаг хамаарахгүй үглээд, тархируу минь хэрцгийгээр чичиж, хэнгэрэгний минь амсар дээр хахирган салхи шиг шивэгнээд, хамаг биеээр минь нэг чарлаад эхлэх юм. 
Энэ л үед би бүх зүйлсээс залхдаг... Амьсгалахаас, аньсагаа нээхээс, амаа хөдөлгөөд ярихаас, толгойгоо үл ялиг гилжийлгээд сонсохоос... бодохоос, бодохгүй суухаас, буруу харж унтахаас, босож суугаад ус уухаас... болох болохгүйг түүж идэхээс, бусдыг харж залхахаас хүртэл залхдаг...
Нэг л хэвийн амьдрал намайг жинхэнэ утгаар нь алж байна.   Хүссэн хүсээгүй яг л нэг зүйлс давтагдана. Нэг хоёр цаг байтугай нэлээн хэдэн өдрийн наана цаана нь огтоос хамаагүй... ямар ч л байсан болдог цагтаа болно... нэг хэвийн хугацаагаар үргэлжлэнэ... Яг л бурханаас эмэгтэй хүнд зориулан бэлэглэсэн хувь тавилан шиг л...


                                                                                                                                    

0 comments:

Post a Comment