Buscar

Páginas

Гэр бүл

       Би гэдэг хүн сая гаруй хүн амтай хотод шинэ цаг үе, шинэ зуунд аж төрөн яваа боловч хуучинсаг үзэлтэй гэж өөрийгөө дүгнэдэг.  Гэхдээ юм болгон дээр хуучин сэтгэлгээгээр хандана ч гэж юу байхав. Давс хужрыг нь тааруулаад л явах юмсан гэж боддог юм.
     Урьд нь би гэр бүл гэдгийг аав ээж , өвөө эмээ гэх үгсээр л ойлгодог байлаа. Харин одоо амьдралын минь шинэ хуудас нээгдэж аав ээжийн танхил охин хайртай залуугийнхаа сүйт бүсгүй болж, бидний төлөвлөсөнөөр ойрын 2 жилдээ хуримлаж би  эхнэр болно. Ингээд л би эхнэр болтолоо гэр бүл гэх шинэхэн цагаан хуудсан дээр ямархан түүх бичиж эхлүүлэхээ бодож, судлаж, суралцаж сууна. Манай эмээ надад “ Айл гэрийн эзэн, нөхөр нь ямар ч байж болно. Ажилтай, ажилгүй магадгүй хааяа балгачихдаг ч байж болох юм. Гэхдээ эр нөхрөө хүндлэх сэтгэлээ хэзээ ч гишгэж болохгүй шүү” гэж сургадаг юм. Тиймдээ ч тэр үү би эцгийн эрхт ёсыг тодорхой хэмжээнд дэмждэг. Сүүлийн үед бүсгүйчүүд маань боловсролыг тэргүүнд тавьж гэр бүлийн асуудлыг хойш тавих болсон . Үүнийг буруутгах аргагүй ч зарим эмэгтэйчүүд эр нөхрөө боловсролоороо дээрэлхэх болсон санагддаг. Нөхрийг нь арчаагүй гэж дүгнэж болох ч нөгөө талаасаа нэгэнт гэр бүл болон ханилан суучихаад засаад авах биш мууг нь үзэн муулж явах эмэгтэйчүүд цөөнгүй.
    Мөн гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг ойлгож мэддэггүйгээсээ болоод амьдралд хөл алдан яваа залуус ч цөөнгүй.  Гэр бүлийн үнэт зүйлс юунд оршдгийг ч ойлгож амжилгүй тэр ч байтугай биесээ ч таньж амжилгүй аав ээж болж нэг гэрт орохоос өөр замгүй болдог. Эхэндээ бүх зүйл сайн сайхан байснаа хувийн араншин элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн, харилцаагаа сэвтээн итгэл, хүндлэлээ гээж эхэлдэг. Учир нь тэдэнд гэр бүлтэй болж аав ээж болох төлөвлөгөө, сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй болохоор энэхэн бяцхан давааг даван гарах тэнхээ үгүй. Хоромхон зуурын зугаа, сэтгэл хөдлөл юунд хүргэж болохыг тэд бодож амжаагүй...
      Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамт байхыг хүсэх хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж, баяр гомдолоо хуваалцахыг хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг хүсэх хүсэл энэ бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог. Түүнийгээ энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшгийг олж мэдрэн, түүнийгээ урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамт байх мөчид түнэр харанхуй орчлон ч айдасгүй гэрэлтэй орчлон мэт санагдах үед хүмүүс ямагт аз жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг. Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс шалтгаалдаг гэлтэй.
  За тэгээд хайр сэтгэлээр ханиа сонгож, халамжлан хайрлахын ухаанд хамтдаа суралцаарай залуусаа гэж уриалъя даа! 


   

0 comments:

Post a Comment