Buscar

Páginas

Бүсгүйчүүдийн харцанд туссан аз жаргал


  Эмэгтэйчүүдийн ертөнц  сонирхолтой, өөр, онцгой, гайхам “зөөлөн” бөгөөд яруу. Тэдний аз жаргалын тухай төсөөлөл зотон дээр нь хэрхэн буусан нь  өөрийн эрхгүй сэтгэл эзэмдсэн юм.
Эрэгтэй уран бүтээлчийг аз жаргал, мөрөөдлийн тухай ойлголтоо зотон дээр буулга гэвэл эрэмгий морьд, дэлхийг дайлсан сцен, дэлхийг үгүй юм аа гэхэд дэргэдэх хөршөө давсан, дийлсэн түүхийг дүрсэлнэ. Тэд хэзээ ч цэцэгт талыг зурж, тэрхүү тал дээр гүйх хүүхдийг дүрсэлж, гэргийнхээ үсэнд цэцэг хатгахгүй энгийнээр “газардсан” сэтгэлгээгээр аз жаргалыг дүрсэлж чадахгүй биз. Тэд энгийн мөртлөө амьдралд хамгийн ойр мөрөөдлийг мэдэрч чадахгүй мэт санагддаг. Ингэхэд ер нь бүсгүйчүүдийн харцанд туссан тэр аз жаргал гэж чухам юу юм бол? 

 Энгийн нэгэн гэр бүлийн хөрөг. Монгол зургийн аргыг баяжуулан дүрсэлсэн хөрөг.  Хаанаас нь ч харсан эгдүү хүрэм хөөрхөн гэр бүл. Энэ бол Х. Энхномингийн “Гэр бүл”  хэмээх бүтээл. Аз жаргал ийм  энгийн  бил үү? Хүү, охин, аав, ээж дөрөв. Бидний философидох дуртай аз жаргалын илрэл нь ийм энгийн. Жирийн л нэг гэр бүлийн аз жаргал. Үгүй юм байна, зотон дээр амилсан энгийн бус гэр бүлийн энгийн нэг аз жаргал.







Зураачийн дараагийн онцлох бүтээл бас л “Гэр бүл” гэдэг нэртэй. Романтик өнгө аяс нэвт шингэсэн тэр гэр бүлийн аав нь энэрэлтэй, ээж нь жаргалтай. Бүсгүйн аз жаргалыг  хацрын ягаан туяа(монголчууд жаргалтай хатны  хацар улаан, жавартай тэнгэрийн хаяа улаан  гэж ярьдаг), гэзгэн дээр нь “ургасан” бадамгарав цэцэг илтгэнэ. Өмнөх бүтээлээ бодвол илүү баялаг , хурц тод өнгөтэй энэ зургаас  өнөр айлын аз жаргал гэрэлтэнэ. Аюул түгшүүргүй, амгалан тайван өнөр бүл.
Зураач Х. Энхномингийн бүтээлд олон дүр амилсан байдаг. Амилсан дүр бүр  нь аз жаргалтай, тод өнгөлөг.  Хэзээ ирэх нь үл мэдэгдэх болзоот залуугаа тал хээр газар ганцаар хүлээн зогсох  бүсгүйгээс хүртэл аз жаргал мэдрэгдэнэ (“Болзоо II).  Хараад зогсох тусам хайртай залуу  нь хурдан  ирээсэй гэж бодогдмоор энхрий дүр... Уран бүтээлчийн “тэнгэр” нь  хүртэл алсыг харуулдан ширтэх эмэгтэй, хэнийг ч юм хүлээсэн эхийн дүрийг өөрийн эрхгүй санагдуулна (“Тэнгэр”).  Х. Энхномингийн бүтээлүүдэд гэр бүлийн болон аз жаргалын сэдэв их байдаг. Түүнээс гадна бүсгүй хүнээр төлөөлүүлсэн байгаль дэлхий, эх хүний гоо сайханд уусах байгалийн дүр ч элбэг.

Залуу зураач Т. Сарангоогийн “Бүүвэйн дуу” хэмээх бүтээлээс үнэхээр бүүвэйн дуу сонсогдох мэт. Бурханы мутар мэт гар дээр нь зүүрмэглэх бяцхан хүү, бүүвэйн дуунд нь дэлбээгээ нээн ургасан мэт  үзэсгэлэнтэй цэцэгс... Бүүвэйн дуу аялж, хүүгийнхээ зүүдийг манасан эхийг хүний ертөнцтэй холбох ганцхан зүйл бол чихнээс нь унжих шүрэн ээмэг. Хэрэв тэр ээмэг байгаагүйсэн бол би тэр эмэгтэйг бүсгүй биш, байгаль гэх байлаа.  



Ундраа өөрийн урлангаа “аз жаргалын урлан” гэж тодорхойлдог. Бүтээлүүдийг нь харсан хэн боловч уран бүтээлчтэй санал нэг байх биз гэж эрхгүй бодогдохоор. Учир нь түүнд нэг ч бараан, саарал, зовлон өгүүлэх бүтээл үгүй. Амьдралыг зөвхөн аз жаргалаар төсөөлнө гэдэг гайхамшиг биш гэж үү?
“Миний өрөө”. Зураач бүсгүй өөрийгөө урландаа байгаагаар дүрсэлсэн бүтээл. Өрөөний хананд өөрийнх нь бүтээлүүд өлгөөстэй.  Сэтгэл хангалуун Ундраа ширээнийхээ ард бидэн рүү харан сууна. Төсөөлөөд үзвэл уран бүтээлч хүний энгийн амьдралын байдаг л нэгэн өдөр мэт төсөөлөл сэтгэлд бууна. Гэтэл тэр өрөөнд байгаль дүрслэгджээ. Шалнаас нь урган гарч ирэх ургамлууд,  хана, хаалган дээр салаалах мөчрүүд. Ундраа өөрөө нов ногоон өнгөтэй. Дээл нь цэцэгс шиг улаан. Ийм их баяр баясгалан байдаг гэж үү? Өрөөндөө байгалтай ... Огт сүүдэргүй.  Зөвхөн өнгө бас гэрэл...
Өөр өөрийн ертөнцтэй ч эдгээр зураачидыг нэгтгэх зүйл олон. Тэд бүгд аз жаргалыг мөрөөдлөөс хайгаагүй. Харин дотроосоо шүүн гаргаж ирсэн. Тэдний бүтээл тэнгэрийн мэт тэр аз жаргалын илрэл нь бидний амьдрал гэж  дуу нийлүүлдэг. Тэр чанар нь тэднийг нэгтгэдэг. 
Монголын залуу бүсгүй зураачдын бийрээр амилсан энгийн үнэн, хүн байхын тайлагдашгүй нууцыг өгүүлэх тэр агшнууд надад нэг л үнэнийг шивнэсэн. “Аз жаргалыг ойлгох гэсний  хэрэггүй. Гагцхүү туулах л хэрэгтэй” гэсэн үнэн.
Харин танд тэд юу гэж шивнэх бол?

0 comments:

Post a Comment