Buscar

Páginas

2012.11.25

   Ирээдүйн бяцхан үр минь сайн байна уу? Би чиний ээж болохоор чамайг хүлээн, догдлон сууна. Хэзээ надад ирж нар минь болон гийх гэж байна даа? :) Өнөөдрөөс эхлээд ээж нь чамдаа зориулж тэмдэглэл бичихээр шийдлээ. Магадгүй том болохоор нь уншуулнаа.
   Аав бид хоёр чинь чамайг хүлээгээд жил гаран болж байна. Уг нь өнгөрсөн зун чамайгаа олох байсан ч ээж нь өвдөөд чадсангүй. Юу юунаас илүү ээж нь эрүүл болж биеэ бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгж байж л чи минь эрүүл энх болно шүү дээ.
Одоо бол ээж нь бэлэн харин чи ирэхэд бэлэн үү ?
 Юу гээч ??? Ихэнх хүмүүс хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд ээж боллоо гэдгээ хүлээн зөвшөөрч баярладаг байх. Харин би хөөрхөн үртэй болохыг хүссэн цагаасаа ээж болох нь гээд хөөрч эхэлсэн юм. Биеэ бэлдээд эмчээс зөвлөгөө аваад, эмчлүүлж байхдаа хичнээн жаргалтай байсныг чи төсөөлөхгүй. Уг нь аав нь хамт байсан бол бас л надтай цуг хөөрцөглөөд л бэлдээд л гүйж байх байсан даанч хол болохоор 2 талд л бэлдэцгээж байна. Аав нь чиний төлөө тамхиа хаясан эрүүл чийрэг маматай болно гээд дасгал хийгээд л байгаа гэсэн мундаг байна уу ? хэхэ
Өнөөдөр ээж нь "Ээж ээ намайг сонсооч" гээд ээж болох гэж байгаа ээж болсон хүмүүст зориулсан лекцэнд суулаа. Чамайгаа хэвлийдээ тээх үед яах ёстойг ойлгож авлаа. Бүр жирэмсэн болчихсон юм шиг л хөөрч догдоллоо. Одоо ингэж байгаа юм чинь жирэмсэн болохоороо бүр л нисэх байхдаа.

Зүүд


    Бид юунд итгэж, юунд үнэмшиж амьдардаг юм бэ? Өөрөөсөө өөр юунд ч битгий итгэ л гэнэ... Үнэндээ бид өөрөөрөө амьдардаг гэж үү ? Үгүййййй шүүүүү дээээээ.... Аав ээжийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, анд нөхдөө гомдоохгүйн төлөө, хайрлан дурласан амрагийнхаа зүрхийг зүсэхгүйн төлөө, энхрий бяцхан үрсээ өвтгөхгүйн төлөө... “Би”-гээ гээсээр явна уу эсвэл “Би”-гээ биежүүлсээр явна уу ?
Амьдралд бодитой зүйл бий гэж үү ? Үнэн хэрэгтээ юу ч бодитой биш... Хийсвэр ийм ертөнцийг бид төсөөллөөрөө л бүтээсэн байх. Бодит гэж хатуу итгэж үнэмшнэ гэдэг алдаа эсвэл сул тал. Илүү сийрэг сэтгэх хэрэгтэй...
    Чи зүүдэлдэг үү? Тэгээд сэрэхдээ бодит биш байжээ гэж мэддэг. Учир нь зүүдний ертөнцөд бидэнд итгэл үнэмшил байхгүй. Тэнд чамд юу ч тохиолдож болно гэхдээ чи итгэхгүй. Юунд ч итгэдэггүй болохоор тэр ертөнц хийсвэр гэдгийг бид төвөггүй л ойлгочихно. Хэрвээ тэнд бид эндэх шиг итгэл үнэмшлийг бий болгочихвол ахин нэг ертөнц доошилно гэсэн үг. Зүүдэлж байгаагаа ч мэдэх чадваргүй болж хувирна.
   Харин энэ ертөнц үнэхээр бодит уу? Магадгүй бодит гээд итгэсэн минь гол алдаа юм биш биз? Бие гэдэг бол юу ч биш зүүднээс зүүдний хооронд аялахад сүнс л хэрэгтэй... харин сүнс гэдэг бол оюун ухаан. Оюун ухаанаа ашиглан энэ ертөнц ч мөн хийсвэр зүүд гэдгийг таньж мэдвэл нэг ертөнц дээшилнэ. Тэгвэл жинхэнэ бодит ертөнц хэдэн ертөнцийн дээр байгаа бол?
Бодит мэт гайхалтай хийгдсэн энэ ертөнцөд хийсвэр гэдгийг нь нууж чадаагүй ямар нэг алдаа байж л таараа. Тэр алдааг олж чадахгүй бол энэ хийсвэр ертөнцөд бид жаран жил, далан жил, наян жил хууртаж амьдарна. Үхэн үхтлээ... үгүй ээ, сэртлээ зүүдэлсээр байх болно. Тэгээд сэрнэ. Тэнд илүү бодит мэт итгэл үнэмшил биднийг угтана. Тэндэхийг ч бас хий хоосон, оюун санааны зүүд гэдгийг мэдтэл ахиад л наян жил, ерэн жил, зуун жил... Тагтан дээр гарч жинхэнэ тэнгэрийг олж хартал бид хэдэн давхар дээшлэх хэрэгтэй юм бол? Сэрэх бүртээ зүүдээ мартсаар хичнээн удаа сэрвэл сая нэг зүүднээсээ салж чадах бол?

Бурхан гэж байхгүй. Зөвхөн ямар нэг оюун ухаан л гэж бий. Илүү төгс төгөлдөр байдал. Улам төгөлдөршихийн тулд хэд хэдэн удаа сэрэх хэрэгтэй. Энэ амьдрал чинь яаж эхэлснийг чи санаж байна уу? Чиний дурсамжинд эхлэл гэж байхгүй. Яг л зүүд шиг. Киног дундаас нь үзэх шиг. Дууг дундаас нь сонсох шиг. Эхлэл гэж энд алга. Зүүдэнд ч мөн эхлэл гэж байдаггүй. Үйл явдалд бид аль нэг цэгээс, дундаас нь оролцдог. Тэгэхээр энэ ертөнц зүүд гэсэн үг үү?
Тэгвэл сэрэх хэрэгтэй.
.... 


***


Чанга ч ярьж болохгүй үргэлж шивнээд л
Чамд энд уйтгартай байна уу?
Уртаас урт харанхуй хонгил шиг харц
Урдаас чинь үргэлж ширтээд л
Ер бусын, эгэл жирийн хайр залхмаар санагдаад
Ердийн хуучин амьдралаа үгүйлж байна уу?

Одоо Чи тэнд жаргалтай байна уу?

Чанга чанга хашгичиж, шөнөжингөө согтуу дуулаад л
Час улаан уруулаар нулимс шимж сууна уу?
Уртаас урт хөлтэй хуучин модон сандалаа
Урдаас чинь үргэлж ширтдэг өнөөх гунигтай харцыг
Үгүйлээд ч байх шиг, сэтгэл чинь үймрээд
нэг л хоосон...
Эрх чөлөө мэт, зэрэглээ мэт өнгийн шилний цаанаас
Эргэж ирэх замаа чи олохгүй шүү дээ хонгор минь.


                                                                                                                  

Чимээгүй


   Би анир чимээгүйн дунд амьдардаг. Би чимээ гэж юу болохыг мэдэхгүй. Хэзээ ч тэр мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Гэсэн хэдий ч би сэтгэл дотроо үргэлж хашгирч явдаг. Хашгираад л байна хашгираад л байна... Чимээ гэж ийм л байдаг байх даа гэж бодно. Төсөөлнө... Өөрийн дуу хоолойгоо сонсохыг хичээнэ. Хашиграхаа болиод... чив чимээгүй болоод л чагнана. Өөрийн дуу хоолойгоо...
Өөрийн дуу хоолойгоо хэрхэн цуурайтахыг сонсоно. Цуурай гэж ямар гайхамшигтай болохыг та мэдэх үү? Чив чимээгүй дунд цуурай л хамгийн гайхамшигтай нь. Чи хашиграхаа больсон ч чиний дуу хоолой сонсогдоно. Энэ гайхамшиг биш гэж үү? Энэ бол гайхмшиг...
Би төрсөн цагаасаа хойш анир чимээгүйн дунд амьдарсан. Ганцаархнаа эргэн тойрон чив чимээгүй... Анир чимээгүй надад ганцаардлыг авчирсан. Заримдаа зүүдэндээ хүртэл ганцаардана. Чимээгүй дунд орших миний ганцаардал надад ихийг өгсөн. Бүхэл бүтэн ертөнцийг өгсөн билээ. Тиймээс миний ганцаардал магадгүй надад байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл минь. Яг үнэн миний хамгийн үнэ цэнэтэй зүйл.
Би шөнө болгон энэ гудамжаар алхдаг.   



Бүсгүйчүүдийн харцанд туссан аз жаргал


  Эмэгтэйчүүдийн ертөнц  сонирхолтой, өөр, онцгой, гайхам “зөөлөн” бөгөөд яруу. Тэдний аз жаргалын тухай төсөөлөл зотон дээр нь хэрхэн буусан нь  өөрийн эрхгүй сэтгэл эзэмдсэн юм.
Эрэгтэй уран бүтээлчийг аз жаргал, мөрөөдлийн тухай ойлголтоо зотон дээр буулга гэвэл эрэмгий морьд, дэлхийг дайлсан сцен, дэлхийг үгүй юм аа гэхэд дэргэдэх хөршөө давсан, дийлсэн түүхийг дүрсэлнэ. Тэд хэзээ ч цэцэгт талыг зурж, тэрхүү тал дээр гүйх хүүхдийг дүрсэлж, гэргийнхээ үсэнд цэцэг хатгахгүй энгийнээр “газардсан” сэтгэлгээгээр аз жаргалыг дүрсэлж чадахгүй биз. Тэд энгийн мөртлөө амьдралд хамгийн ойр мөрөөдлийг мэдэрч чадахгүй мэт санагддаг. Ингэхэд ер нь бүсгүйчүүдийн харцанд туссан тэр аз жаргал гэж чухам юу юм бол? 

 Энгийн нэгэн гэр бүлийн хөрөг. Монгол зургийн аргыг баяжуулан дүрсэлсэн хөрөг.  Хаанаас нь ч харсан эгдүү хүрэм хөөрхөн гэр бүл. Энэ бол Х. Энхномингийн “Гэр бүл”  хэмээх бүтээл. Аз жаргал ийм  энгийн  бил үү? Хүү, охин, аав, ээж дөрөв. Бидний философидох дуртай аз жаргалын илрэл нь ийм энгийн. Жирийн л нэг гэр бүлийн аз жаргал. Үгүй юм байна, зотон дээр амилсан энгийн бус гэр бүлийн энгийн нэг аз жаргал.







Зураачийн дараагийн онцлох бүтээл бас л “Гэр бүл” гэдэг нэртэй. Романтик өнгө аяс нэвт шингэсэн тэр гэр бүлийн аав нь энэрэлтэй, ээж нь жаргалтай. Бүсгүйн аз жаргалыг  хацрын ягаан туяа(монголчууд жаргалтай хатны  хацар улаан, жавартай тэнгэрийн хаяа улаан  гэж ярьдаг), гэзгэн дээр нь “ургасан” бадамгарав цэцэг илтгэнэ. Өмнөх бүтээлээ бодвол илүү баялаг , хурц тод өнгөтэй энэ зургаас  өнөр айлын аз жаргал гэрэлтэнэ. Аюул түгшүүргүй, амгалан тайван өнөр бүл.
Зураач Х. Энхномингийн бүтээлд олон дүр амилсан байдаг. Амилсан дүр бүр  нь аз жаргалтай, тод өнгөлөг.  Хэзээ ирэх нь үл мэдэгдэх болзоот залуугаа тал хээр газар ганцаар хүлээн зогсох  бүсгүйгээс хүртэл аз жаргал мэдрэгдэнэ (“Болзоо II).  Хараад зогсох тусам хайртай залуу  нь хурдан  ирээсэй гэж бодогдмоор энхрий дүр... Уран бүтээлчийн “тэнгэр” нь  хүртэл алсыг харуулдан ширтэх эмэгтэй, хэнийг ч юм хүлээсэн эхийн дүрийг өөрийн эрхгүй санагдуулна (“Тэнгэр”).  Х. Энхномингийн бүтээлүүдэд гэр бүлийн болон аз жаргалын сэдэв их байдаг. Түүнээс гадна бүсгүй хүнээр төлөөлүүлсэн байгаль дэлхий, эх хүний гоо сайханд уусах байгалийн дүр ч элбэг.

Залуу зураач Т. Сарангоогийн “Бүүвэйн дуу” хэмээх бүтээлээс үнэхээр бүүвэйн дуу сонсогдох мэт. Бурханы мутар мэт гар дээр нь зүүрмэглэх бяцхан хүү, бүүвэйн дуунд нь дэлбээгээ нээн ургасан мэт  үзэсгэлэнтэй цэцэгс... Бүүвэйн дуу аялж, хүүгийнхээ зүүдийг манасан эхийг хүний ертөнцтэй холбох ганцхан зүйл бол чихнээс нь унжих шүрэн ээмэг. Хэрэв тэр ээмэг байгаагүйсэн бол би тэр эмэгтэйг бүсгүй биш, байгаль гэх байлаа.  



Ундраа өөрийн урлангаа “аз жаргалын урлан” гэж тодорхойлдог. Бүтээлүүдийг нь харсан хэн боловч уран бүтээлчтэй санал нэг байх биз гэж эрхгүй бодогдохоор. Учир нь түүнд нэг ч бараан, саарал, зовлон өгүүлэх бүтээл үгүй. Амьдралыг зөвхөн аз жаргалаар төсөөлнө гэдэг гайхамшиг биш гэж үү?
“Миний өрөө”. Зураач бүсгүй өөрийгөө урландаа байгаагаар дүрсэлсэн бүтээл. Өрөөний хананд өөрийнх нь бүтээлүүд өлгөөстэй.  Сэтгэл хангалуун Ундраа ширээнийхээ ард бидэн рүү харан сууна. Төсөөлөөд үзвэл уран бүтээлч хүний энгийн амьдралын байдаг л нэгэн өдөр мэт төсөөлөл сэтгэлд бууна. Гэтэл тэр өрөөнд байгаль дүрслэгджээ. Шалнаас нь урган гарч ирэх ургамлууд,  хана, хаалган дээр салаалах мөчрүүд. Ундраа өөрөө нов ногоон өнгөтэй. Дээл нь цэцэгс шиг улаан. Ийм их баяр баясгалан байдаг гэж үү? Өрөөндөө байгалтай ... Огт сүүдэргүй.  Зөвхөн өнгө бас гэрэл...
Өөр өөрийн ертөнцтэй ч эдгээр зураачидыг нэгтгэх зүйл олон. Тэд бүгд аз жаргалыг мөрөөдлөөс хайгаагүй. Харин дотроосоо шүүн гаргаж ирсэн. Тэдний бүтээл тэнгэрийн мэт тэр аз жаргалын илрэл нь бидний амьдрал гэж  дуу нийлүүлдэг. Тэр чанар нь тэднийг нэгтгэдэг. 
Монголын залуу бүсгүй зураачдын бийрээр амилсан энгийн үнэн, хүн байхын тайлагдашгүй нууцыг өгүүлэх тэр агшнууд надад нэг л үнэнийг шивнэсэн. “Аз жаргалыг ойлгох гэсний  хэрэггүй. Гагцхүү туулах л хэрэгтэй” гэсэн үнэн.
Харин танд тэд юу гэж шивнэх бол?

Тэр өдөр..

    Танийг хэн бэ , ямар ажил эрхэлдэг, нас хүйс, шашин шүтлэгээс үл хамааран бидний амьдралд ав адилхан учрал тохиолдоно.. 
   Яг тэр өдөр тэр цаг тэр минутанд би түүнтэй , та харин тэрэнтэйгээ учрах ёстой.. Тэр газар санаандгүй харц мөргөлдөж, тэр л мөчөөс таний нүд түүнийг бусдаас өөр гэдгийг танд хэлж өгсөн байх.. Эсвэл хараахан учраагүй ч байгаа ч байж магад. Би хувьдаа тэр өдөр түүнтэй учрах ёстой байсан гэдгээ мэддэг..
  Тэр өдрөөс хойш хоног, сар жил ямар ч хурдан өнгөрөө вэ?.. Тэр өдөртөө эргээд нэг очих юмсан.. Яг өөрийгөө хажуунаас нь түүнтэй хамт байгаагаар тэр өдөр харах юмсан. Нүд нүдэндээ дасдаг.. Түүнийг харахад нүд минь баясаж түүний үгүйд нүд минь гансарч хоосон гудамжны булангаас инээгээд гараад ирэх юм шиг давчуу сэтгэл минь цухалзана.. Хэдэн мянган бээрийн зайд байгаа ч гэсэн булан эргээд гараад ирэхийг нь хүлээж зогсох өдрийн зүүд.. Өдөр зүүдлэх зүүд.. Дэндүү бодитой бас тэвчээргүй.. Удахгүй календарийн хуудас хэдхэн эргээд л хоёр нүд уулзана.. Хоёр зүрх хамтдаа нэгэн хэмд цохилно.. Яг тэр өдөр зэрэг цохилж эхэлсэн шиг..


Dear John



    Өдөр бүр, өглөө бүр, үдэш бүр эргэн тойрондоо ертөнцийн түмэн өнгийг өөртөө шингээсэн хүний урсгал дундуур бид алхаж байна. Бид бүгдэд өөрсдийн гэсэн түүх бий..
     Миний доор өгүүлэх түүх Америкийн армийн тусгай хүчний Жон Таяри (John Tyree) гэдэг эгэл залуугийн хэдэн мянган милээр тусгаарлагдсан хайр сэтгэл, эх орноо гэсэн мятрашгүй зоригийг харуулна. Автобус хүлээж суухдаа ойролцоох номын дэлгүүр шагайх хүсэл гижигдээд болдоггүй ороод хэсэг харж суув. Хамгийн түрүүнд хайр дурлал романсын хэсэг рүү очлоо. Notebook, Message in a bottle, True believe, At first sight зэрэг маш олон ном байсны дунд энэ ном байсан юм. Киног нь аль дээр үзчихсэн хэрнээ яагаад би энэ номыг бариад зогсоод байснаа сайн ойлгоогүй. Магадгүй энэ номны хамгийн ард талын нүүрэнд байх бяцхан тайлбараас болсон байх...
 "..... John feels compelled to re-enlist and fulfill his to duty. But the lovers are young and their separation is long. Can they survive the distance?.."
".. Залуу хосуудыг тусгаарлах цаг хугацаа урт боловч тэд үүнийг давж гарч чадах уу?.."
Германд тусгай ажиллагаанд оролцож байсан Жон хоёр долоо хоногийн чөлөөгөөр Уилмингтонд байх гэртээ эргэж ирэх үедээ Саванатай учирдаг. Хоёр долоо хоногт хүнд дурлах боломжтой юу? Жон Саванна хоёр бие биендээ энэ хоёр долоо хоногт ухаангүй дурлаж Жоны буцах цаг болоход бие биедээ "хүлээнэ" гэсэн хатуу амлалтыг өгдөг. Тэд хэлсэндээ хүрсээн 9 сарын дараа Жон чөлөөгөөр дахин буцаж ирэн мартагдашгүй өдрүүдийг тэд хамтдаа өнгөрөөв. Жоныг халагдахад одоо ердөө ганцхан жил үлдсэн байлаа. Энэ удаа Савана Жоныг хүлээнэ гэдэгтээ ер эргэлзээгүй учир нь тэд дотно харилцаанд анх удаа орсон байлаа. Гэтэл тэр өдөр 9р сарын 11нд худалдааны хоёр ихэр цамхагийг онгоц мөргөж Америк орон тэр чигтээ цочролд орсон байлаа. Хэдийгээр 3 хан сар болоод халагдах байсан боловч Жон армид дахин үлдэж Иракд цэргийн ажиллагаанд оролцохоор болдог. Эх орондоо үүргээ биелүүлэх чин хүсэлд нь Савана баяртай байсан боловч дахиад Жоныг 2 жил хүлээнэ гэдэг түүнд үхэхээс дор санагдаж байлаа.. Тэд энэ бүхнийг даван гарч хамтдаа аз жаргалтай төгсгөлийг үзэж чадах боловуу??














Бодол.....


   Бодлууд хөврөнө. Айдас, төсөөлөл, хүсэл, мөрөөдөл бүгд нэгэн адил өнгөөр холилдон янжуурын утаа мэт баагана. Би эсвэл өнгө ялгахаа больчихсон юмуу бүгд л нэгэн адил саарал өнгөөр таазанд тулан эргэж хоргоно. 
   Би ямар нэгэн зүйлийг бодохдоо угт нь тулгаж мөн чанарыг нь олж харахыг хичээдэг. Хэрвээ тэгж чадахгүй бол толгойноос нөгөө зүйл гарахгүй хэдэн хоног эсвэл хэдэн долоо хоногоор ч эргэлдэх нь энүүхэнд. Хүүхэд байхдаа өрөөндөө ганцаараа унтахдаа төсөөллийн амьтадаас айдаг байсан айдас минь одоо бүхэлдээ өөрчлөгдсөн байх юм. Намайг дуртай, дургүй эсвэл бэлэн эсэхээс үл хамааран ирээдүй гэдэг рүү завгүй чангааж дугтрах цаг хугацаа одоогийн миний хамгийн том айдас болжээ. Энэ замаар энэ жимээр гэлдэрсээр эцэст нь хэн байж болохоос илүү хэн байж би чадахгүй вэ гэж бодохоор дотор бачуурах юм. Хэрвээ би чадахгүй бол яах вэ? Хэрвээ би ээжийнхээ төсөөлж байгаа үргэлжлэл нь байж болж чадахгүй бол яах вэ? Хэрвээ би түүнд амласан амлалтуудаа биелүүлж чадахгүй бол яах вэ? Хэрвээ тэр миний түүнд өгсөн итгэлийг саваагүй зангаар алдаж унагаагаад буцааж эвлүүлж болшгүй мянга түмэн хэсэг болгон хагалж орхивол яах вэ? Бид хоёр энэ бүхнийг давж чадахгүй бол яах вэ?. Хэрвээ би өөрийнхөө төсөөлж байгаагаас тэс өөр хүн болчихвол яах вэ?? Цаг хугацаа намайг хүлээхгүй. Цаг бол алт биш. Цаг бол цаг. Хэзээ ч хэнийг ч энэ зүйл хүлээж байгаагүй. Олдож байгаа яг энэ мөчийг блог дээрээ юм бичих биш аль нэг хичээлээ хийгээд сууж байвал уг нь дараа нь дахиж үзэж цаг үрэхгүй надад л хэрэгтэй юм байгаан............................




2012.01.15


Хайрт даа 
     
      Хайрт минь чамдаа захиа бичилгүй ямар ч удав даа. Чи минь зөндөө л хүлээсэн л байх...
  Чи бид 2 танилцаад 6 жил өнгөрчээ. Хачин юм аа. Надад бол хэдхэн минут л өнгөрсөн мэт санагдаж байна. Хэрвээ би ямар нэгэн зvйлд харамсах бол бид хамтдаа байгаагvй тэр цаг мөч өдрvvдэд л харамсана. Сэтгэл зүрх минь чам руу л яаран цовчих нь намайг ямар нандин эрдэнээ олсоныг сануулах шиг. Цаг хугацаа явсаар л... Гэхдээ сэтгэл минь хэзээ ч хөгширөхгүй ээ. Энэ хол зай ойртох жаргалтай тэр өдрийг тэсэн ядаж байна... 2011 онд жаргалтай мөчүүд үнэхээр их байсан ч төгсгөл нь аймшигтай гунигтай болж өнгөрлөө. Хүн бүхэн баярлан догдолж байхад би ганцаараа... чи минь бас ганцаараа... хүслээ ч шивнэх сөхөөгүй, хэзээ ч тэмдэглэж байгаагүй гунигт шинэ жил. Энэ бүхнийг өөрчилье гэвч юу ч хийж чадахгүй дээ гутарч нулимсаа дуслуулахаас өөр чадах зүйл байсангүй ээ. Намайг уйлахыг хараад хурмаст ч болтугай хань болъё гэсэн шиг хураа хайрласан...  Энд юугаа хийж байгаа тэнэг вэ гэж бодсон ч над шиг тэнэг чамд минь хэрэгтэй гэдэгт итгэж нулимстай нүдээр инээхчээ аядна. Зүүдэндээ дүрийг нь харах гэж зүүдээ онгично, өглөө сэрээд чамайгаа хайн тэмтчиж, чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Санахын жаргал эдэлж байна даа л гэж тайтгарах юм даа.  Эсвэл ... Үргэлж намайг гэж , нялх хүүхэд шиг л эрхлүүлж, миний төлөө надаас илүү шахам санаа зовдог сүйт залуутай, хамтдаа амьдрах өдөр гарцаагүй ирэх байтал ингэж эрхэлж суудаг би нээх даварчихсан юм гэж ч бодогдох юм.  Энэ бүх жаргалтай, гунигтай, инээдтэй хөөртэй, нулимстай өдрүүдэд сэтгэлийг минь жиндүүлэлгүй тэртээ холоос халуун хайраа илгээсээр байсан чамдаа баярлалаа...
Би чамдаа хайртай. Удахгүй уулзъя хайрт минь....

Хайртаас нь


2011.10.23 Moscow

Хайрт минь би чамтайгаа ойрхон байна... Нэг улсад... Амждагсан бол чамруугаа гараад гүйчихмээр л байна. Нэг агаараар амьсгалж байна даа гээд өөрийгөө баясгаж сууна. Хол байхаар ийм зүйл хүртэл үнэ цэнэтэй санагдах юм. Дандаа л энд нартай байна...тэнд бүрхэг байна...энд хүйтэн... наана чинь ямар байна гээд л хоёр биенийхээ юу мэдэрч, юу харж байгааг сонирхдогсон.
Хэдий чамтайгаа одоо уулзаж чадахгүй ч нэг улсад уйтгарт бүрхэг тэнгэрийг ажиглан бие биенээ санан суугаа гэж бодохоор гуниглах сэтгэл өөрөө замхарчих юм...Удахгүй уулзнаа хайрт минь.....


Happy Anniversary


Хайртдаа
    Би бяцхан охин байхдаа хоол хийж, цэвэрлэгээ хийж, өөр шигээ бяцхан хүүхэлдэйнүүддээ ээж нь болж  тоглодог байлаа. Бас гэнэхэн бодолдоо нөхрөө төсөөлнө. Тэр эрэлхэг, хүчтэй мэдээж маш царайлаг. Бас надад хайртай. Энэ бол мөрөөдөл байсан. Магадгүй зарим хүн үүнийг шидэт үлгэрийн романсд итгэсэн утгагүй хэрэг гэж нэрлэх байх л даа. Гэхдээ би үүнийг Миний амьдрал гэж нэрлэнэ. Учир нь чи минь миний мөрөөдлийн эр. Намайг айх үед анх гараас минь атгасан нь чи минь. Намайг өөртөө эргэлзэх үед  үргэлж урам хайрладаг нь чи минь. Намайг ээж болгох цорын ганц нь чи минь. Надад баяр баяслыг авчирсан цорын ганц нь чи минь.
  Миний бүх л асуудлуудыг минь тэвчээртэй сонсож, мөрөө түшүүлэн байсан чамдаа баярлалаа. Хонгор минь, чи минь миний амьдралд байгаа болохоор би ямар жаргалтай байгааг минь мэдээсэй гэж хүссэн юм. Чамайг надад ирэхээс өмнө би дотроо хоосныг мэдэрдэг байсан. Хоосон хөндий зүрхийг минь дүүргэсэн чамдаа баярлаад ханамгүй.
  Өглөө бүр чамтайгаа хамт сэрж, бүхий л амьдралынхаа турш хамтдаа байж, чинийхээ нойрсож буй амьсгалыг үргэлж сонсохыг хүснэ. Чи яг л намайг тэнгэрт сая сая удаа хүргэж чадахаар хамгийн гайхалтай дэврүүн сайхан мэдрэмжийг үргэлж надад өгдөг. Чи намайг инээлгэж чаддаг бас заримдаа хамгийн гашуун нулимсыг амтлуулж чаддаг.
   Би чамдаа бүх л зүрх сэтгэлээрээ хайртай бас чам шиг гайхалтай залуутай сүй тавьсан хамгийн азтай бүсгүй... Миний төлөө хийсэн , үзүүлсэн, заасан бүхэнд чинь баярлалаа. Миний мөрөөдлийг биелүүлэн байгаа чамдаа дахин дахин баярлалаа.

Үргэлж чамайгаа хайрлана...
Хайртаас нь


Густав Климтийн зургуудаас...

    Густав Климт нь 1862 онд Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн хүн билээ.


Die drei Lebensalter der Frau
"Эмэгтэй хүний гурван нас"

Нулимсан дусал надад хайртай...
Тэд миний дотор байдаг
Тэсгэлгүй надад дурлан гарч ирдэг
Тэгээд сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа уйлсаар тасарч унадаг...

The Kiss
Үнсэлт

... Чи онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө яллах мэт зэмлэж 
Тайлбар мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал мэт чамайг бодно...

Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг

Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?

Emile Floge`s Portrait
Эмили Флогийн хөрөг

Чи миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр алдан ирэх хэрэггүй
Буцаад ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг би сайн мэднэ, сонин биш байна...










Хосуудын харилцаа


    Энэ газар дэлхий дээр хүн хүндээ зориулж босгосон хайр сэтгэлийн хамгийн ариун газар, хамгийн уран нарийн суварга бол Тажмахал. Энэ ариун газар дэлхийн элгэнд оршдог. Би ч бас сэтгэл зүрхэн дотроо Тажмахалыг босгож түүндээ амар тайван амьдрал бүтээхийг хүсдэг. Хайраас л хайр төрнө. Сайхан гэр бүл ч бас сайхан хайраас л бий болох учиртай.
  Гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж, хүний хөгжлийн анхдагч орчин бөгөөд гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа бол маш чухал мэргэжил эзэмших гэж байгаагаа ухамсарлах хэрэгтэй байх.
 Халуун дулаан уур амьсгал, бие биенээ ойлгодог, халамжилдаг, хайрладаг, итгэдэг байх нь хосуудын итгэлцлээс шалтгаалдаг. Гэвч хосуудын харилцаа гүнзгийрэх тусам хэн хэнийгээ өмчлөх гаж ойлголт үүсч, ойлгодоггүй, итгэдэггүй харилцаанаас л үл ойлголцол, үл дотносол, үл итгэлцэл бий болж байдаг. Залуу гэр бүлүүдийн нийтлэг алдаа нь өмнөө тулгарч байгаа асуудлыг “зайлшгүй зүйл юм” гэж ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй. Хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр газар өсч торнисон, эсрэг хүйсийн хүмүүс хамтын амьдрал зохиоход заавал ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч л таарна.  Харамсалтай нь зайлшгүй байх ёстой, даваад гарах асуудлыг хүндээр тусгаж багахан асуудлыг том болгочихдог 
   Хосуудын харилцаа нь бие хүний хувьд хөгжин төлөвшиж, боловсроход хамгийн их түлхэц, дэмжлэг үзүүлэх нөхцөл нь болдог. Урьд ємнє нь мэддэггvй байсан сул талуудаа нээж, єєртэйгєє тэмцэж, єєрийгєє ялан дийлэх шаардлагатай болно.  Анхилам vнэрт сарнай мэт хайр сэтгэл, зvрхийг эзэмдэвч "єргєс" мэт хатган євтгєдєг Орхиод явчихмаар байвч, тvvнгvйгээр амьдрал утга учиргvй болж хувирах тэр нэгэн хvнтэй насан туршдаа хамт амьдрахын тулд бид дасан зохицож, уучлан хvлцэж, тэвчээртэй байхыг сурдаг. Хайртыгаа "хатгадаг" хувиа хичээсэн, биеийн амрыг харсан, залхуу хойрго гэх мэт "єргєс"-vvдээсээ салж, хань ижил, гэр бvлийхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарлан, гvйцэтгэх явцдаа єєрийгєє хєгжvvлэн тєлєвшvvлсээр байдаг юм.  
   Нэгэнт л амьдралынхаа туршид хамтдаа нэгэн зүг рүү харж, нэгэн зүрх сэтгэлээр нэгдэн амьдрахаар шийдсэн бол амьдралынхаа үндэс суурь голомтоо асааж байгаа нандин мөчөөс эхэлж эрүүл, бат бөхөөр тавих хэрэгтэй болов уу. Амьдралынхаа суурийг л зөв тавьж чадвал байшин өрдөг шиг бат бөх сайхан гэр бүлийг босгож чадна гэж би итгэдэг.



Гэр бүл

       Би гэдэг хүн сая гаруй хүн амтай хотод шинэ цаг үе, шинэ зуунд аж төрөн яваа боловч хуучинсаг үзэлтэй гэж өөрийгөө дүгнэдэг.  Гэхдээ юм болгон дээр хуучин сэтгэлгээгээр хандана ч гэж юу байхав. Давс хужрыг нь тааруулаад л явах юмсан гэж боддог юм.
     Урьд нь би гэр бүл гэдгийг аав ээж , өвөө эмээ гэх үгсээр л ойлгодог байлаа. Харин одоо амьдралын минь шинэ хуудас нээгдэж аав ээжийн танхил охин хайртай залуугийнхаа сүйт бүсгүй болж, бидний төлөвлөсөнөөр ойрын 2 жилдээ хуримлаж би  эхнэр болно. Ингээд л би эхнэр болтолоо гэр бүл гэх шинэхэн цагаан хуудсан дээр ямархан түүх бичиж эхлүүлэхээ бодож, судлаж, суралцаж сууна. Манай эмээ надад “ Айл гэрийн эзэн, нөхөр нь ямар ч байж болно. Ажилтай, ажилгүй магадгүй хааяа балгачихдаг ч байж болох юм. Гэхдээ эр нөхрөө хүндлэх сэтгэлээ хэзээ ч гишгэж болохгүй шүү” гэж сургадаг юм. Тиймдээ ч тэр үү би эцгийн эрхт ёсыг тодорхой хэмжээнд дэмждэг. Сүүлийн үед бүсгүйчүүд маань боловсролыг тэргүүнд тавьж гэр бүлийн асуудлыг хойш тавих болсон . Үүнийг буруутгах аргагүй ч зарим эмэгтэйчүүд эр нөхрөө боловсролоороо дээрэлхэх болсон санагддаг. Нөхрийг нь арчаагүй гэж дүгнэж болох ч нөгөө талаасаа нэгэнт гэр бүл болон ханилан суучихаад засаад авах биш мууг нь үзэн муулж явах эмэгтэйчүүд цөөнгүй.
    Мөн гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг ойлгож мэддэггүйгээсээ болоод амьдралд хөл алдан яваа залуус ч цөөнгүй.  Гэр бүлийн үнэт зүйлс юунд оршдгийг ч ойлгож амжилгүй тэр ч байтугай биесээ ч таньж амжилгүй аав ээж болж нэг гэрт орохоос өөр замгүй болдог. Эхэндээ бүх зүйл сайн сайхан байснаа хувийн араншин элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн, харилцаагаа сэвтээн итгэл, хүндлэлээ гээж эхэлдэг. Учир нь тэдэнд гэр бүлтэй болж аав ээж болох төлөвлөгөө, сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй болохоор энэхэн бяцхан давааг даван гарах тэнхээ үгүй. Хоромхон зуурын зугаа, сэтгэл хөдлөл юунд хүргэж болохыг тэд бодож амжаагүй...
      Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамт байхыг хүсэх хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж, баяр гомдолоо хуваалцахыг хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг хүсэх хүсэл энэ бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог. Түүнийгээ энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшгийг олж мэдрэн, түүнийгээ урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамт байх мөчид түнэр харанхуй орчлон ч айдасгүй гэрэлтэй орчлон мэт санагдах үед хүмүүс ямагт аз жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг. Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс шалтгаалдаг гэлтэй.
  За тэгээд хайр сэтгэлээр ханиа сонгож, халамжлан хайрлахын ухаанд хамтдаа суралцаарай залуусаа гэж уриалъя даа! 


   

Зүүд


Хүмүүс юу зүүдлэдэг вэ? Зүүд нь байнга давтагддаг болов уу? Зүүд биелдэг үү? Зүүд юу өгүүлдэг юм бол....Эрт үеэс л хүмүүс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурханы илгээсэн “Илгээмж” , унтаж байх үед хүний сүнс биеэс гарч, тааралдсан зүйлс нь зүүд хэлбэрээр хүний биед тусгагддаг гэж байсан бол Аристотелийн үед зүүд бол сэтгэл санааны үйл ажиллагаа, ухамсаргүйд хүрэх гарц гэж тайлбарлагдах болсон гэнэ. Миний бодлоор зүүд бол энэ биений таатай таагүй мэдрэмжүүдээс үүсэх сэтгэлтэй ижил боловч ухааныг нь хассан ухамсарын хэлбэр юм болов уу даа... Харин юу зүүдлэх нь хүний амьдралаас урган гардаг байх...

    Заримдаа би чамайг зүүдлэдэг. Өглөө нь сэрээд гайхдаг. Чи ирсэн шиг ээ буцаад л явсан, илбэсэн шиг ээ бусдыг илбэсэн. Яагаад чи үргэлж урилгагүй ирээд чимээгүй явдаг юм бэ?

    Аз жаргалтай өдрүүд надад ирээд байхад хөнгөн гуниг дагуулсаар зүүдний минь үүдээр чи хааяахан шагайх юм. Дэргэд минь байхдаа нээгээгүй сэтгэлээ зүүдэнд минь чи нээх гэж хичээх юм. Хажууд чинь байхад халамжлаагүй атлаа зүүдэнд минь чи намайг аргадан гэмших юм...

Магадгүй энэ чиний хэлэхийг хүссэн үгс байв уу?  Чамайг хүлээн гуниглаж суухдаа чамаас хүлээсэн үгс байв уу?