Buscar

Páginas

Густав Климтийн зургуудаас...

    Густав Климт нь 1862 онд Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн хүн билээ.


Die drei Lebensalter der Frau
"Эмэгтэй хүний гурван нас"

Нулимсан дусал надад хайртай...
Тэд миний дотор байдаг
Тэсгэлгүй надад дурлан гарч ирдэг
Тэгээд сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа уйлсаар тасарч унадаг...

The Kiss
Үнсэлт

... Чи онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө яллах мэт зэмлэж 
Тайлбар мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал мэт чамайг бодно...

Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг

Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?

Emile Floge`s Portrait
Эмили Флогийн хөрөг

Чи миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр алдан ирэх хэрэггүй
Буцаад ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг би сайн мэднэ, сонин биш байна...










Хосуудын харилцаа


    Энэ газар дэлхий дээр хүн хүндээ зориулж босгосон хайр сэтгэлийн хамгийн ариун газар, хамгийн уран нарийн суварга бол Тажмахал. Энэ ариун газар дэлхийн элгэнд оршдог. Би ч бас сэтгэл зүрхэн дотроо Тажмахалыг босгож түүндээ амар тайван амьдрал бүтээхийг хүсдэг. Хайраас л хайр төрнө. Сайхан гэр бүл ч бас сайхан хайраас л бий болох учиртай.
  Гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж, хүний хөгжлийн анхдагч орчин бөгөөд гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа бол маш чухал мэргэжил эзэмших гэж байгаагаа ухамсарлах хэрэгтэй байх.
 Халуун дулаан уур амьсгал, бие биенээ ойлгодог, халамжилдаг, хайрладаг, итгэдэг байх нь хосуудын итгэлцлээс шалтгаалдаг. Гэвч хосуудын харилцаа гүнзгийрэх тусам хэн хэнийгээ өмчлөх гаж ойлголт үүсч, ойлгодоггүй, итгэдэггүй харилцаанаас л үл ойлголцол, үл дотносол, үл итгэлцэл бий болж байдаг. Залуу гэр бүлүүдийн нийтлэг алдаа нь өмнөө тулгарч байгаа асуудлыг “зайлшгүй зүйл юм” гэж ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй. Хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр газар өсч торнисон, эсрэг хүйсийн хүмүүс хамтын амьдрал зохиоход заавал ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч л таарна.  Харамсалтай нь зайлшгүй байх ёстой, даваад гарах асуудлыг хүндээр тусгаж багахан асуудлыг том болгочихдог 
   Хосуудын харилцаа нь бие хүний хувьд хөгжин төлөвшиж, боловсроход хамгийн их түлхэц, дэмжлэг үзүүлэх нөхцөл нь болдог. Урьд ємнє нь мэддэггvй байсан сул талуудаа нээж, єєртэйгєє тэмцэж, єєрийгєє ялан дийлэх шаардлагатай болно.  Анхилам vнэрт сарнай мэт хайр сэтгэл, зvрхийг эзэмдэвч "єргєс" мэт хатган євтгєдєг Орхиод явчихмаар байвч, тvvнгvйгээр амьдрал утга учиргvй болж хувирах тэр нэгэн хvнтэй насан туршдаа хамт амьдрахын тулд бид дасан зохицож, уучлан хvлцэж, тэвчээртэй байхыг сурдаг. Хайртыгаа "хатгадаг" хувиа хичээсэн, биеийн амрыг харсан, залхуу хойрго гэх мэт "єргєс"-vvдээсээ салж, хань ижил, гэр бvлийхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарлан, гvйцэтгэх явцдаа єєрийгєє хєгжvvлэн тєлєвшvvлсээр байдаг юм.  
   Нэгэнт л амьдралынхаа туршид хамтдаа нэгэн зүг рүү харж, нэгэн зүрх сэтгэлээр нэгдэн амьдрахаар шийдсэн бол амьдралынхаа үндэс суурь голомтоо асааж байгаа нандин мөчөөс эхэлж эрүүл, бат бөхөөр тавих хэрэгтэй болов уу. Амьдралынхаа суурийг л зөв тавьж чадвал байшин өрдөг шиг бат бөх сайхан гэр бүлийг босгож чадна гэж би итгэдэг.



Гэр бүл

       Би гэдэг хүн сая гаруй хүн амтай хотод шинэ цаг үе, шинэ зуунд аж төрөн яваа боловч хуучинсаг үзэлтэй гэж өөрийгөө дүгнэдэг.  Гэхдээ юм болгон дээр хуучин сэтгэлгээгээр хандана ч гэж юу байхав. Давс хужрыг нь тааруулаад л явах юмсан гэж боддог юм.
     Урьд нь би гэр бүл гэдгийг аав ээж , өвөө эмээ гэх үгсээр л ойлгодог байлаа. Харин одоо амьдралын минь шинэ хуудас нээгдэж аав ээжийн танхил охин хайртай залуугийнхаа сүйт бүсгүй болж, бидний төлөвлөсөнөөр ойрын 2 жилдээ хуримлаж би  эхнэр болно. Ингээд л би эхнэр болтолоо гэр бүл гэх шинэхэн цагаан хуудсан дээр ямархан түүх бичиж эхлүүлэхээ бодож, судлаж, суралцаж сууна. Манай эмээ надад “ Айл гэрийн эзэн, нөхөр нь ямар ч байж болно. Ажилтай, ажилгүй магадгүй хааяа балгачихдаг ч байж болох юм. Гэхдээ эр нөхрөө хүндлэх сэтгэлээ хэзээ ч гишгэж болохгүй шүү” гэж сургадаг юм. Тиймдээ ч тэр үү би эцгийн эрхт ёсыг тодорхой хэмжээнд дэмждэг. Сүүлийн үед бүсгүйчүүд маань боловсролыг тэргүүнд тавьж гэр бүлийн асуудлыг хойш тавих болсон . Үүнийг буруутгах аргагүй ч зарим эмэгтэйчүүд эр нөхрөө боловсролоороо дээрэлхэх болсон санагддаг. Нөхрийг нь арчаагүй гэж дүгнэж болох ч нөгөө талаасаа нэгэнт гэр бүл болон ханилан суучихаад засаад авах биш мууг нь үзэн муулж явах эмэгтэйчүүд цөөнгүй.
    Мөн гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг ойлгож мэддэггүйгээсээ болоод амьдралд хөл алдан яваа залуус ч цөөнгүй.  Гэр бүлийн үнэт зүйлс юунд оршдгийг ч ойлгож амжилгүй тэр ч байтугай биесээ ч таньж амжилгүй аав ээж болж нэг гэрт орохоос өөр замгүй болдог. Эхэндээ бүх зүйл сайн сайхан байснаа хувийн араншин элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн, харилцаагаа сэвтээн итгэл, хүндлэлээ гээж эхэлдэг. Учир нь тэдэнд гэр бүлтэй болж аав ээж болох төлөвлөгөө, сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй болохоор энэхэн бяцхан давааг даван гарах тэнхээ үгүй. Хоромхон зуурын зугаа, сэтгэл хөдлөл юунд хүргэж болохыг тэд бодож амжаагүй...
      Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамт байхыг хүсэх хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж, баяр гомдолоо хуваалцахыг хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг хүсэх хүсэл энэ бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог. Түүнийгээ энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшгийг олж мэдрэн, түүнийгээ урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамт байх мөчид түнэр харанхуй орчлон ч айдасгүй гэрэлтэй орчлон мэт санагдах үед хүмүүс ямагт аз жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг. Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс шалтгаалдаг гэлтэй.
  За тэгээд хайр сэтгэлээр ханиа сонгож, халамжлан хайрлахын ухаанд хамтдаа суралцаарай залуусаа гэж уриалъя даа! 


   

Зүүд


Хүмүүс юу зүүдлэдэг вэ? Зүүд нь байнга давтагддаг болов уу? Зүүд биелдэг үү? Зүүд юу өгүүлдэг юм бол....Эрт үеэс л хүмүүс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурханы илгээсэн “Илгээмж” , унтаж байх үед хүний сүнс биеэс гарч, тааралдсан зүйлс нь зүүд хэлбэрээр хүний биед тусгагддаг гэж байсан бол Аристотелийн үед зүүд бол сэтгэл санааны үйл ажиллагаа, ухамсаргүйд хүрэх гарц гэж тайлбарлагдах болсон гэнэ. Миний бодлоор зүүд бол энэ биений таатай таагүй мэдрэмжүүдээс үүсэх сэтгэлтэй ижил боловч ухааныг нь хассан ухамсарын хэлбэр юм болов уу даа... Харин юу зүүдлэх нь хүний амьдралаас урган гардаг байх...

    Заримдаа би чамайг зүүдлэдэг. Өглөө нь сэрээд гайхдаг. Чи ирсэн шиг ээ буцаад л явсан, илбэсэн шиг ээ бусдыг илбэсэн. Яагаад чи үргэлж урилгагүй ирээд чимээгүй явдаг юм бэ?

    Аз жаргалтай өдрүүд надад ирээд байхад хөнгөн гуниг дагуулсаар зүүдний минь үүдээр чи хааяахан шагайх юм. Дэргэд минь байхдаа нээгээгүй сэтгэлээ зүүдэнд минь чи нээх гэж хичээх юм. Хажууд чинь байхад халамжлаагүй атлаа зүүдэнд минь чи намайг аргадан гэмших юм...

Магадгүй энэ чиний хэлэхийг хүссэн үгс байв уу?  Чамайг хүлээн гуниглаж суухдаа чамаас хүлээсэн үгс байв уу? 

Man Vs Woman



     Ямар гаригаас ирсэн болохоороо эмэгтэйчүүдээс тэс өөр ааш авиртай байдаг юм бол? Эрчүүд өөдгүй хэзээ ч биднийг ойлгодоггүй , ойлгох ч үгүй байх гээд л  хүүхнүүдийн гомдол дуусашгүй байлаа. Гэхдээ би сүүлийн үед хотын гудамжаар холхиод байгаа уруулаа өнгөлсөн, нүүрнийхээ өөг дарсан, хөмсөгөө зассан, нарийхан биеэ тодотгосон өмсгөлтэй охидуудтай нийлж шал шал хийсэн эр эм нь мэдэгдэхгүй хүмүүсийг хараад эрчүүд биднээс тэс өөр хэвээрээ байсан нь дээр юм байна аа гэж бодлоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгнээсээ байнга дэмжлэг, урам зориг авч байдаг. Тэглээ гээд эрчүүд минь эр шинжээ бүү гээгээсэй билээ. Уг нь охид цагаан морьтой баатар шиг эр хүн мөрөөдөг байсан санагдах юм одоо шинэчлэлээ дагаад бас өөр шигээ турьхан нялцгай эр мөрөөддөг болчихсон юм болов уу ? Би саяхан Америк эрдэмтэдийн 2000 онд хийсэн судалгааг уншлаа л даа. 1940 онд эрэгтэйчүүдийн эр шинж нь 1000 гаран байсан бол 2000 онд 45-хан үлдсэн байна. Өнөөдрийн энэ эр эм нь ялгагдахгүй хүмүүсээр бодоход түүнээс хойш 11 жилийн дараа 45 шинж нь улам л цөөрсөн байх . Удахгүй энэ дэлхий минь эмэгтэйчүүдээр дүүрэх вий дээ...

Past or Future ?



    Би 1989 онд Улаанбаатар хотод аав ээжийнхээ ганц охин нь болон мэндэлсэн. Ээжийн минь хэлсэнээр мөлхөж суралгүй шууд хөлд орсон гэдэг  . Бусад хүүхдүүд шиг л аав аа ээж ээ гэж хэлд орсон гэхдээ 3 нас хүрээд манай нөхөр, хадам ээж гэхчлэн сонин юм ярьдаг байсан нь эмээ, өвөөгийн минь дүгнэснээр урьд насаа санаж байгаа байх гэсэн. Би өөрөө ч тэгж ярьж байснаа тодхон санадаг юм . Манайх их олон малтай, сүү таргаар тасрахгүй ээ , хадам ээжийг минь Янжмаа гэдэг юм надад их сайн гээд л хөдөөний амьдралыг үзсэн юм шиг л ярьж өгдөг байж билээ J Уураа хүрэхээр би хадамынх руугаа явлаа гэж айлгана. Нэг удаа “ Би нөхөртэйгээ таарсан, намайг танихгүй байна лээ “ гээд их л гомдонгуй ярьсанаас хойш дахиж энэ яриагаа яриагүй гэнэ лээ. Үнэхээр тааралдсан бол яаж намайг таньхав дээ 3-хан настай хүүхэд байхад. Тэгээд л он цаг урсахын хэрээр урьд насны минь яриа ч бүдгэрсэн.
     Харин саяхан нойр минь хулжаад урьд насаа дурсаад (аягүй итгэчихсэн :p)хэвтэж байхдаа нэг сонин юм саналаа. Урьд насны минь хадам ээжийг Янжмаа харин одоо нөхөр болох хүний минь эмээ бас нэр нэгтэй байх юм. Магадгүй би урьд насаа биш ирээдүйгээ зөгнөсөн юм болов уу ч гэж бодлоо :p Яахав зарим хүмүүсд жийрхмээр санагдах байх л даа би өөрөө бол их бэлэгшээгээд байгаа юм. Заяаныхаа ханийг таних шинж ч юм бил үү... ккк

Эзнээ олсон байшин


     Аагим халуун зун аль хэдийн ард үлджээ. Сэрүүн салхи үес үесхэн сэвэлзэн, шарласан модны навч ганц нэгээр унасаар хөл дор хөглөрч хүн бүхний хэлдгээр гунигт намар үүд тогшино. Нэгэн цагт навчсаа гөвөх нөмгөн моддыг хараад гуньдаг байсан үе аагим зун шиг бас л ард үлдсэн. “Намар” сэтгэлд минь хамгийн нандин дурсамжийг үлдээжээ ...
   Нар шиг алтан хөнжил нөмөрч, өнгө өнгөөр уянгалах аялгуу нэг л өнгөөр урсан, урьхан хонгор салхи өвс модыг намилзуулан байсан тэр өдөр сэтгэлд минь одоо ч тодоос тод. Ойн цоорхойд орших моддоор сүүдэрлэгдсэн энгийн дүнзэн байшинг ч би мартаагүй. Түүний чимэг нь амар амгалан, анир чимээгүй...Тэнд л бид анх удаа чимээгүйхэн цаг хугацаанаас нуугдан байж ярилцсансан.
  Гэгэлзэх үгс чихэнд биш зүрхэнд, бидний харц биесдээ биш саранд шингэж тархин доторх үүл мананг чи ядах юмгүй л үргээсэн.  Магадгүй чи миний ертөнцөд зочилсон анхны зочин. Намрын жихүүн салхинд жиндэн дүнсийх модон байшинд бидний өрнүүлсэн дотнохон яриа бөөн баяр бөөн бөөн догдлол авчирч билээ.  Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл байшин илч дулаанаа алдаагүй. Бидний ярилцах сэдэв дуусах тэр үед л илчээ алдан хөрөх байх даа.
   Энэ байшин бол бидний төсөөллийн ертөнцдөө бүтээсэн байшин, тэнд л бид өөрсдийнхөө юу хүсч явсанаа, амьдралын хар цагаан замаар хамт урагшлах өрөөсөн дугуйгаа олсон юм даа.
Хэдхээн жилийн дараа энэ байшингаа төсөөлөлдөө биш бодитоор бий болгоод бас л нэг сонирхолтой юм яриад сууж байна гэдэгтээ итгэлтэй байна J