Buscar

Páginas

Бүсгүйчүүдийн харцанд туссан аз жаргал


  Эмэгтэйчүүдийн ертөнц  сонирхолтой, өөр, онцгой, гайхам “зөөлөн” бөгөөд яруу. Тэдний аз жаргалын тухай төсөөлөл зотон дээр нь хэрхэн буусан нь  өөрийн эрхгүй сэтгэл эзэмдсэн юм.
Эрэгтэй уран бүтээлчийг аз жаргал, мөрөөдлийн тухай ойлголтоо зотон дээр буулга гэвэл эрэмгий морьд, дэлхийг дайлсан сцен, дэлхийг үгүй юм аа гэхэд дэргэдэх хөршөө давсан, дийлсэн түүхийг дүрсэлнэ. Тэд хэзээ ч цэцэгт талыг зурж, тэрхүү тал дээр гүйх хүүхдийг дүрсэлж, гэргийнхээ үсэнд цэцэг хатгахгүй энгийнээр “газардсан” сэтгэлгээгээр аз жаргалыг дүрсэлж чадахгүй биз. Тэд энгийн мөртлөө амьдралд хамгийн ойр мөрөөдлийг мэдэрч чадахгүй мэт санагддаг. Ингэхэд ер нь бүсгүйчүүдийн харцанд туссан тэр аз жаргал гэж чухам юу юм бол? 

 Энгийн нэгэн гэр бүлийн хөрөг. Монгол зургийн аргыг баяжуулан дүрсэлсэн хөрөг.  Хаанаас нь ч харсан эгдүү хүрэм хөөрхөн гэр бүл. Энэ бол Х. Энхномингийн “Гэр бүл”  хэмээх бүтээл. Аз жаргал ийм  энгийн  бил үү? Хүү, охин, аав, ээж дөрөв. Бидний философидох дуртай аз жаргалын илрэл нь ийм энгийн. Жирийн л нэг гэр бүлийн аз жаргал. Үгүй юм байна, зотон дээр амилсан энгийн бус гэр бүлийн энгийн нэг аз жаргал.







Зураачийн дараагийн онцлох бүтээл бас л “Гэр бүл” гэдэг нэртэй. Романтик өнгө аяс нэвт шингэсэн тэр гэр бүлийн аав нь энэрэлтэй, ээж нь жаргалтай. Бүсгүйн аз жаргалыг  хацрын ягаан туяа(монголчууд жаргалтай хатны  хацар улаан, жавартай тэнгэрийн хаяа улаан  гэж ярьдаг), гэзгэн дээр нь “ургасан” бадамгарав цэцэг илтгэнэ. Өмнөх бүтээлээ бодвол илүү баялаг , хурц тод өнгөтэй энэ зургаас  өнөр айлын аз жаргал гэрэлтэнэ. Аюул түгшүүргүй, амгалан тайван өнөр бүл.
Зураач Х. Энхномингийн бүтээлд олон дүр амилсан байдаг. Амилсан дүр бүр  нь аз жаргалтай, тод өнгөлөг.  Хэзээ ирэх нь үл мэдэгдэх болзоот залуугаа тал хээр газар ганцаар хүлээн зогсох  бүсгүйгээс хүртэл аз жаргал мэдрэгдэнэ (“Болзоо II).  Хараад зогсох тусам хайртай залуу  нь хурдан  ирээсэй гэж бодогдмоор энхрий дүр... Уран бүтээлчийн “тэнгэр” нь  хүртэл алсыг харуулдан ширтэх эмэгтэй, хэнийг ч юм хүлээсэн эхийн дүрийг өөрийн эрхгүй санагдуулна (“Тэнгэр”).  Х. Энхномингийн бүтээлүүдэд гэр бүлийн болон аз жаргалын сэдэв их байдаг. Түүнээс гадна бүсгүй хүнээр төлөөлүүлсэн байгаль дэлхий, эх хүний гоо сайханд уусах байгалийн дүр ч элбэг.

Залуу зураач Т. Сарангоогийн “Бүүвэйн дуу” хэмээх бүтээлээс үнэхээр бүүвэйн дуу сонсогдох мэт. Бурханы мутар мэт гар дээр нь зүүрмэглэх бяцхан хүү, бүүвэйн дуунд нь дэлбээгээ нээн ургасан мэт  үзэсгэлэнтэй цэцэгс... Бүүвэйн дуу аялж, хүүгийнхээ зүүдийг манасан эхийг хүний ертөнцтэй холбох ганцхан зүйл бол чихнээс нь унжих шүрэн ээмэг. Хэрэв тэр ээмэг байгаагүйсэн бол би тэр эмэгтэйг бүсгүй биш, байгаль гэх байлаа.  



Ундраа өөрийн урлангаа “аз жаргалын урлан” гэж тодорхойлдог. Бүтээлүүдийг нь харсан хэн боловч уран бүтээлчтэй санал нэг байх биз гэж эрхгүй бодогдохоор. Учир нь түүнд нэг ч бараан, саарал, зовлон өгүүлэх бүтээл үгүй. Амьдралыг зөвхөн аз жаргалаар төсөөлнө гэдэг гайхамшиг биш гэж үү?
“Миний өрөө”. Зураач бүсгүй өөрийгөө урландаа байгаагаар дүрсэлсэн бүтээл. Өрөөний хананд өөрийнх нь бүтээлүүд өлгөөстэй.  Сэтгэл хангалуун Ундраа ширээнийхээ ард бидэн рүү харан сууна. Төсөөлөөд үзвэл уран бүтээлч хүний энгийн амьдралын байдаг л нэгэн өдөр мэт төсөөлөл сэтгэлд бууна. Гэтэл тэр өрөөнд байгаль дүрслэгджээ. Шалнаас нь урган гарч ирэх ургамлууд,  хана, хаалган дээр салаалах мөчрүүд. Ундраа өөрөө нов ногоон өнгөтэй. Дээл нь цэцэгс шиг улаан. Ийм их баяр баясгалан байдаг гэж үү? Өрөөндөө байгалтай ... Огт сүүдэргүй.  Зөвхөн өнгө бас гэрэл...
Өөр өөрийн ертөнцтэй ч эдгээр зураачидыг нэгтгэх зүйл олон. Тэд бүгд аз жаргалыг мөрөөдлөөс хайгаагүй. Харин дотроосоо шүүн гаргаж ирсэн. Тэдний бүтээл тэнгэрийн мэт тэр аз жаргалын илрэл нь бидний амьдрал гэж  дуу нийлүүлдэг. Тэр чанар нь тэднийг нэгтгэдэг. 
Монголын залуу бүсгүй зураачдын бийрээр амилсан энгийн үнэн, хүн байхын тайлагдашгүй нууцыг өгүүлэх тэр агшнууд надад нэг л үнэнийг шивнэсэн. “Аз жаргалыг ойлгох гэсний  хэрэггүй. Гагцхүү туулах л хэрэгтэй” гэсэн үнэн.
Харин танд тэд юу гэж шивнэх бол?

Тэр өдөр..

    Танийг хэн бэ , ямар ажил эрхэлдэг, нас хүйс, шашин шүтлэгээс үл хамааран бидний амьдралд ав адилхан учрал тохиолдоно.. 
   Яг тэр өдөр тэр цаг тэр минутанд би түүнтэй , та харин тэрэнтэйгээ учрах ёстой.. Тэр газар санаандгүй харц мөргөлдөж, тэр л мөчөөс таний нүд түүнийг бусдаас өөр гэдгийг танд хэлж өгсөн байх.. Эсвэл хараахан учраагүй ч байгаа ч байж магад. Би хувьдаа тэр өдөр түүнтэй учрах ёстой байсан гэдгээ мэддэг..
  Тэр өдрөөс хойш хоног, сар жил ямар ч хурдан өнгөрөө вэ?.. Тэр өдөртөө эргээд нэг очих юмсан.. Яг өөрийгөө хажуунаас нь түүнтэй хамт байгаагаар тэр өдөр харах юмсан. Нүд нүдэндээ дасдаг.. Түүнийг харахад нүд минь баясаж түүний үгүйд нүд минь гансарч хоосон гудамжны булангаас инээгээд гараад ирэх юм шиг давчуу сэтгэл минь цухалзана.. Хэдэн мянган бээрийн зайд байгаа ч гэсэн булан эргээд гараад ирэхийг нь хүлээж зогсох өдрийн зүүд.. Өдөр зүүдлэх зүүд.. Дэндүү бодитой бас тэвчээргүй.. Удахгүй календарийн хуудас хэдхэн эргээд л хоёр нүд уулзана.. Хоёр зүрх хамтдаа нэгэн хэмд цохилно.. Яг тэр өдөр зэрэг цохилж эхэлсэн шиг..


Dear John



    Өдөр бүр, өглөө бүр, үдэш бүр эргэн тойрондоо ертөнцийн түмэн өнгийг өөртөө шингээсэн хүний урсгал дундуур бид алхаж байна. Бид бүгдэд өөрсдийн гэсэн түүх бий..
     Миний доор өгүүлэх түүх Америкийн армийн тусгай хүчний Жон Таяри (John Tyree) гэдэг эгэл залуугийн хэдэн мянган милээр тусгаарлагдсан хайр сэтгэл, эх орноо гэсэн мятрашгүй зоригийг харуулна. Автобус хүлээж суухдаа ойролцоох номын дэлгүүр шагайх хүсэл гижигдээд болдоггүй ороод хэсэг харж суув. Хамгийн түрүүнд хайр дурлал романсын хэсэг рүү очлоо. Notebook, Message in a bottle, True believe, At first sight зэрэг маш олон ном байсны дунд энэ ном байсан юм. Киног нь аль дээр үзчихсэн хэрнээ яагаад би энэ номыг бариад зогсоод байснаа сайн ойлгоогүй. Магадгүй энэ номны хамгийн ард талын нүүрэнд байх бяцхан тайлбараас болсон байх...
 "..... John feels compelled to re-enlist and fulfill his to duty. But the lovers are young and their separation is long. Can they survive the distance?.."
".. Залуу хосуудыг тусгаарлах цаг хугацаа урт боловч тэд үүнийг давж гарч чадах уу?.."
Германд тусгай ажиллагаанд оролцож байсан Жон хоёр долоо хоногийн чөлөөгөөр Уилмингтонд байх гэртээ эргэж ирэх үедээ Саванатай учирдаг. Хоёр долоо хоногт хүнд дурлах боломжтой юу? Жон Саванна хоёр бие биендээ энэ хоёр долоо хоногт ухаангүй дурлаж Жоны буцах цаг болоход бие биедээ "хүлээнэ" гэсэн хатуу амлалтыг өгдөг. Тэд хэлсэндээ хүрсээн 9 сарын дараа Жон чөлөөгөөр дахин буцаж ирэн мартагдашгүй өдрүүдийг тэд хамтдаа өнгөрөөв. Жоныг халагдахад одоо ердөө ганцхан жил үлдсэн байлаа. Энэ удаа Савана Жоныг хүлээнэ гэдэгтээ ер эргэлзээгүй учир нь тэд дотно харилцаанд анх удаа орсон байлаа. Гэтэл тэр өдөр 9р сарын 11нд худалдааны хоёр ихэр цамхагийг онгоц мөргөж Америк орон тэр чигтээ цочролд орсон байлаа. Хэдийгээр 3 хан сар болоод халагдах байсан боловч Жон армид дахин үлдэж Иракд цэргийн ажиллагаанд оролцохоор болдог. Эх орондоо үүргээ биелүүлэх чин хүсэлд нь Савана баяртай байсан боловч дахиад Жоныг 2 жил хүлээнэ гэдэг түүнд үхэхээс дор санагдаж байлаа.. Тэд энэ бүхнийг даван гарч хамтдаа аз жаргалтай төгсгөлийг үзэж чадах боловуу??














Бодол.....


   Бодлууд хөврөнө. Айдас, төсөөлөл, хүсэл, мөрөөдөл бүгд нэгэн адил өнгөөр холилдон янжуурын утаа мэт баагана. Би эсвэл өнгө ялгахаа больчихсон юмуу бүгд л нэгэн адил саарал өнгөөр таазанд тулан эргэж хоргоно. 
   Би ямар нэгэн зүйлийг бодохдоо угт нь тулгаж мөн чанарыг нь олж харахыг хичээдэг. Хэрвээ тэгж чадахгүй бол толгойноос нөгөө зүйл гарахгүй хэдэн хоног эсвэл хэдэн долоо хоногоор ч эргэлдэх нь энүүхэнд. Хүүхэд байхдаа өрөөндөө ганцаараа унтахдаа төсөөллийн амьтадаас айдаг байсан айдас минь одоо бүхэлдээ өөрчлөгдсөн байх юм. Намайг дуртай, дургүй эсвэл бэлэн эсэхээс үл хамааран ирээдүй гэдэг рүү завгүй чангааж дугтрах цаг хугацаа одоогийн миний хамгийн том айдас болжээ. Энэ замаар энэ жимээр гэлдэрсээр эцэст нь хэн байж болохоос илүү хэн байж би чадахгүй вэ гэж бодохоор дотор бачуурах юм. Хэрвээ би чадахгүй бол яах вэ? Хэрвээ би ээжийнхээ төсөөлж байгаа үргэлжлэл нь байж болж чадахгүй бол яах вэ? Хэрвээ би түүнд амласан амлалтуудаа биелүүлж чадахгүй бол яах вэ? Хэрвээ тэр миний түүнд өгсөн итгэлийг саваагүй зангаар алдаж унагаагаад буцааж эвлүүлж болшгүй мянга түмэн хэсэг болгон хагалж орхивол яах вэ? Бид хоёр энэ бүхнийг давж чадахгүй бол яах вэ?. Хэрвээ би өөрийнхөө төсөөлж байгаагаас тэс өөр хүн болчихвол яах вэ?? Цаг хугацаа намайг хүлээхгүй. Цаг бол алт биш. Цаг бол цаг. Хэзээ ч хэнийг ч энэ зүйл хүлээж байгаагүй. Олдож байгаа яг энэ мөчийг блог дээрээ юм бичих биш аль нэг хичээлээ хийгээд сууж байвал уг нь дараа нь дахиж үзэж цаг үрэхгүй надад л хэрэгтэй юм байгаан............................




2012.01.15


Хайрт даа 
     
      Хайрт минь чамдаа захиа бичилгүй ямар ч удав даа. Чи минь зөндөө л хүлээсэн л байх...
  Чи бид 2 танилцаад 6 жил өнгөрчээ. Хачин юм аа. Надад бол хэдхэн минут л өнгөрсөн мэт санагдаж байна. Хэрвээ би ямар нэгэн зvйлд харамсах бол бид хамтдаа байгаагvй тэр цаг мөч өдрvvдэд л харамсана. Сэтгэл зүрх минь чам руу л яаран цовчих нь намайг ямар нандин эрдэнээ олсоныг сануулах шиг. Цаг хугацаа явсаар л... Гэхдээ сэтгэл минь хэзээ ч хөгширөхгүй ээ. Энэ хол зай ойртох жаргалтай тэр өдрийг тэсэн ядаж байна... 2011 онд жаргалтай мөчүүд үнэхээр их байсан ч төгсгөл нь аймшигтай гунигтай болж өнгөрлөө. Хүн бүхэн баярлан догдолж байхад би ганцаараа... чи минь бас ганцаараа... хүслээ ч шивнэх сөхөөгүй, хэзээ ч тэмдэглэж байгаагүй гунигт шинэ жил. Энэ бүхнийг өөрчилье гэвч юу ч хийж чадахгүй дээ гутарч нулимсаа дуслуулахаас өөр чадах зүйл байсангүй ээ. Намайг уйлахыг хараад хурмаст ч болтугай хань болъё гэсэн шиг хураа хайрласан...  Энд юугаа хийж байгаа тэнэг вэ гэж бодсон ч над шиг тэнэг чамд минь хэрэгтэй гэдэгт итгэж нулимстай нүдээр инээхчээ аядна. Зүүдэндээ дүрийг нь харах гэж зүүдээ онгично, өглөө сэрээд чамайгаа хайн тэмтчиж, чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Санахын жаргал эдэлж байна даа л гэж тайтгарах юм даа.  Эсвэл ... Үргэлж намайг гэж , нялх хүүхэд шиг л эрхлүүлж, миний төлөө надаас илүү шахам санаа зовдог сүйт залуутай, хамтдаа амьдрах өдөр гарцаагүй ирэх байтал ингэж эрхэлж суудаг би нээх даварчихсан юм гэж ч бодогдох юм.  Энэ бүх жаргалтай, гунигтай, инээдтэй хөөртэй, нулимстай өдрүүдэд сэтгэлийг минь жиндүүлэлгүй тэртээ холоос халуун хайраа илгээсээр байсан чамдаа баярлалаа...
Би чамдаа хайртай. Удахгүй уулзъя хайрт минь....

Хайртаас нь


2011.10.23 Moscow

Хайрт минь би чамтайгаа ойрхон байна... Нэг улсад... Амждагсан бол чамруугаа гараад гүйчихмээр л байна. Нэг агаараар амьсгалж байна даа гээд өөрийгөө баясгаж сууна. Хол байхаар ийм зүйл хүртэл үнэ цэнэтэй санагдах юм. Дандаа л энд нартай байна...тэнд бүрхэг байна...энд хүйтэн... наана чинь ямар байна гээд л хоёр биенийхээ юу мэдэрч, юу харж байгааг сонирхдогсон.
Хэдий чамтайгаа одоо уулзаж чадахгүй ч нэг улсад уйтгарт бүрхэг тэнгэрийг ажиглан бие биенээ санан суугаа гэж бодохоор гуниглах сэтгэл өөрөө замхарчих юм...Удахгүй уулзнаа хайрт минь.....


Happy Anniversary


Хайртдаа
    Би бяцхан охин байхдаа хоол хийж, цэвэрлэгээ хийж, өөр шигээ бяцхан хүүхэлдэйнүүддээ ээж нь болж  тоглодог байлаа. Бас гэнэхэн бодолдоо нөхрөө төсөөлнө. Тэр эрэлхэг, хүчтэй мэдээж маш царайлаг. Бас надад хайртай. Энэ бол мөрөөдөл байсан. Магадгүй зарим хүн үүнийг шидэт үлгэрийн романсд итгэсэн утгагүй хэрэг гэж нэрлэх байх л даа. Гэхдээ би үүнийг Миний амьдрал гэж нэрлэнэ. Учир нь чи минь миний мөрөөдлийн эр. Намайг айх үед анх гараас минь атгасан нь чи минь. Намайг өөртөө эргэлзэх үед  үргэлж урам хайрладаг нь чи минь. Намайг ээж болгох цорын ганц нь чи минь. Надад баяр баяслыг авчирсан цорын ганц нь чи минь.
  Миний бүх л асуудлуудыг минь тэвчээртэй сонсож, мөрөө түшүүлэн байсан чамдаа баярлалаа. Хонгор минь, чи минь миний амьдралд байгаа болохоор би ямар жаргалтай байгааг минь мэдээсэй гэж хүссэн юм. Чамайг надад ирэхээс өмнө би дотроо хоосныг мэдэрдэг байсан. Хоосон хөндий зүрхийг минь дүүргэсэн чамдаа баярлаад ханамгүй.
  Өглөө бүр чамтайгаа хамт сэрж, бүхий л амьдралынхаа турш хамтдаа байж, чинийхээ нойрсож буй амьсгалыг үргэлж сонсохыг хүснэ. Чи яг л намайг тэнгэрт сая сая удаа хүргэж чадахаар хамгийн гайхалтай дэврүүн сайхан мэдрэмжийг үргэлж надад өгдөг. Чи намайг инээлгэж чаддаг бас заримдаа хамгийн гашуун нулимсыг амтлуулж чаддаг.
   Би чамдаа бүх л зүрх сэтгэлээрээ хайртай бас чам шиг гайхалтай залуутай сүй тавьсан хамгийн азтай бүсгүй... Миний төлөө хийсэн , үзүүлсэн, заасан бүхэнд чинь баярлалаа. Миний мөрөөдлийг биелүүлэн байгаа чамдаа дахин дахин баярлалаа.

Үргэлж чамайгаа хайрлана...
Хайртаас нь