Buscar

Páginas

Зүүд


    Бид юунд итгэж, юунд үнэмшиж амьдардаг юм бэ? Өөрөөсөө өөр юунд ч битгий итгэ л гэнэ... Үнэндээ бид өөрөөрөө амьдардаг гэж үү ? Үгүййййй шүүүүү дээээээ.... Аав ээжийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, анд нөхдөө гомдоохгүйн төлөө, хайрлан дурласан амрагийнхаа зүрхийг зүсэхгүйн төлөө, энхрий бяцхан үрсээ өвтгөхгүйн төлөө... “Би”-гээ гээсээр явна уу эсвэл “Би”-гээ биежүүлсээр явна уу ?
Амьдралд бодитой зүйл бий гэж үү ? Үнэн хэрэгтээ юу ч бодитой биш... Хийсвэр ийм ертөнцийг бид төсөөллөөрөө л бүтээсэн байх. Бодит гэж хатуу итгэж үнэмшнэ гэдэг алдаа эсвэл сул тал. Илүү сийрэг сэтгэх хэрэгтэй...
    Чи зүүдэлдэг үү? Тэгээд сэрэхдээ бодит биш байжээ гэж мэддэг. Учир нь зүүдний ертөнцөд бидэнд итгэл үнэмшил байхгүй. Тэнд чамд юу ч тохиолдож болно гэхдээ чи итгэхгүй. Юунд ч итгэдэггүй болохоор тэр ертөнц хийсвэр гэдгийг бид төвөггүй л ойлгочихно. Хэрвээ тэнд бид эндэх шиг итгэл үнэмшлийг бий болгочихвол ахин нэг ертөнц доошилно гэсэн үг. Зүүдэлж байгаагаа ч мэдэх чадваргүй болж хувирна.
   Харин энэ ертөнц үнэхээр бодит уу? Магадгүй бодит гээд итгэсэн минь гол алдаа юм биш биз? Бие гэдэг бол юу ч биш зүүднээс зүүдний хооронд аялахад сүнс л хэрэгтэй... харин сүнс гэдэг бол оюун ухаан. Оюун ухаанаа ашиглан энэ ертөнц ч мөн хийсвэр зүүд гэдгийг таньж мэдвэл нэг ертөнц дээшилнэ. Тэгвэл жинхэнэ бодит ертөнц хэдэн ертөнцийн дээр байгаа бол?
Бодит мэт гайхалтай хийгдсэн энэ ертөнцөд хийсвэр гэдгийг нь нууж чадаагүй ямар нэг алдаа байж л таараа. Тэр алдааг олж чадахгүй бол энэ хийсвэр ертөнцөд бид жаран жил, далан жил, наян жил хууртаж амьдарна. Үхэн үхтлээ... үгүй ээ, сэртлээ зүүдэлсээр байх болно. Тэгээд сэрнэ. Тэнд илүү бодит мэт итгэл үнэмшил биднийг угтана. Тэндэхийг ч бас хий хоосон, оюун санааны зүүд гэдгийг мэдтэл ахиад л наян жил, ерэн жил, зуун жил... Тагтан дээр гарч жинхэнэ тэнгэрийг олж хартал бид хэдэн давхар дээшлэх хэрэгтэй юм бол? Сэрэх бүртээ зүүдээ мартсаар хичнээн удаа сэрвэл сая нэг зүүднээсээ салж чадах бол?

Бурхан гэж байхгүй. Зөвхөн ямар нэг оюун ухаан л гэж бий. Илүү төгс төгөлдөр байдал. Улам төгөлдөршихийн тулд хэд хэдэн удаа сэрэх хэрэгтэй. Энэ амьдрал чинь яаж эхэлснийг чи санаж байна уу? Чиний дурсамжинд эхлэл гэж байхгүй. Яг л зүүд шиг. Киног дундаас нь үзэх шиг. Дууг дундаас нь сонсох шиг. Эхлэл гэж энд алга. Зүүдэнд ч мөн эхлэл гэж байдаггүй. Үйл явдалд бид аль нэг цэгээс, дундаас нь оролцдог. Тэгэхээр энэ ертөнц зүүд гэсэн үг үү?
Тэгвэл сэрэх хэрэгтэй.
.... 


0 comments:

Post a Comment