Buscar

Páginas

Эзнээ олсон байшин


     Аагим халуун зун аль хэдийн ард үлджээ. Сэрүүн салхи үес үесхэн сэвэлзэн, шарласан модны навч ганц нэгээр унасаар хөл дор хөглөрч хүн бүхний хэлдгээр гунигт намар үүд тогшино. Нэгэн цагт навчсаа гөвөх нөмгөн моддыг хараад гуньдаг байсан үе аагим зун шиг бас л ард үлдсэн. “Намар” сэтгэлд минь хамгийн нандин дурсамжийг үлдээжээ ...
   Нар шиг алтан хөнжил нөмөрч, өнгө өнгөөр уянгалах аялгуу нэг л өнгөөр урсан, урьхан хонгор салхи өвс модыг намилзуулан байсан тэр өдөр сэтгэлд минь одоо ч тодоос тод. Ойн цоорхойд орших моддоор сүүдэрлэгдсэн энгийн дүнзэн байшинг ч би мартаагүй. Түүний чимэг нь амар амгалан, анир чимээгүй...Тэнд л бид анх удаа чимээгүйхэн цаг хугацаанаас нуугдан байж ярилцсансан.
  Гэгэлзэх үгс чихэнд биш зүрхэнд, бидний харц биесдээ биш саранд шингэж тархин доторх үүл мананг чи ядах юмгүй л үргээсэн.  Магадгүй чи миний ертөнцөд зочилсон анхны зочин. Намрын жихүүн салхинд жиндэн дүнсийх модон байшинд бидний өрнүүлсэн дотнохон яриа бөөн баяр бөөн бөөн догдлол авчирч билээ.  Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл байшин илч дулаанаа алдаагүй. Бидний ярилцах сэдэв дуусах тэр үед л илчээ алдан хөрөх байх даа.
   Энэ байшин бол бидний төсөөллийн ертөнцдөө бүтээсэн байшин, тэнд л бид өөрсдийнхөө юу хүсч явсанаа, амьдралын хар цагаан замаар хамт урагшлах өрөөсөн дугуйгаа олсон юм даа.
Хэдхээн жилийн дараа энэ байшингаа төсөөлөлдөө биш бодитоор бий болгоод бас л нэг сонирхолтой юм яриад сууж байна гэдэгтээ итгэлтэй байна J

  

0 comments:

Post a Comment