Би гэж ер нь хэнсэн билээ дээ? Үг ч мэдэхгүй цагаас минь эхлэн намайг хүмүүжүүлсэн цэцэрлэгийн багшаас эхлээд хэн хүнд үгүй нарийн ухаанд сургасан эрдэмтэн мэргэдийн сайн сайхан бүхний охь шим бүр нь надад шингэсэн л байж таараа. Алдаж оноход минь түшиж тулсан бүхэн, зовлон жаргалыг минь хуваалцан, зорьсон үйлсийн минь төлөө хамтран зүтгэсэн бүхэн намайг босгож байгаа. Эх эцгийн махан биеийн, оюун санааны үр болон бүрдсэн миний биеийг одоо миний үрс бас бий болгоно. Тэгэхлээр энэ бүх хүмүүсийг би хайрлахгүй бол ач санадаггүй адгийн мунхаг болно. Хэрэв би төрөөд л хүмүүсийн дунд байгаагүй бол номонд гардаг шиг өдийд Мауглимаа ч юм уу, Тарзанмаа л байх байсан биз. Тиймээс намайг босгосон бүхэнд , бүтээлцэх бүхэнд ХАЙРТАЙ гэдгээ хэлье. Бас намайг хороон, мэрж, хорсон атаархаж байдагтангуудыг ч ялгаж орхилгүй хайрын үг сонсгоё. Эцэст нь хамгийн гоё , хамгийн халуун үгсийг өөртөө шивнэе. Хэн нэгэн хөндлөнгийн хүний харьцаанаас миний амьдралын утга үнэлэгдэх учиргүйн тул би зөвхөн өөрөөсөө л хамаарч байвал бүх юм ёсоороо байна гэсэн үг. Гэхдээ л заримдаа өөрийнхөө төлөө биш, бусдын найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө амьдардгаа бодохоор "БИ"-дээ хамгийн сайхан үгсийг хэлж, тайтгаруулмаар санагдана. Миний амьдралаар би л амьдарч байгаа учраас яг энэ мөчид миний юу мэдэрч байгааг хэн ч надтай яг адил мэдэрч чадахгүй . Намайг хүмүүс өрөвдөнө, бахархана, хоосолно, хожуулна, харин миний сэтгэлийг хэн ч ойлгож чадахгүй. Тэгэхлээр миний хүсч буй хайрын үнэт үгсийг надаас өөр хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Орчлонгийн хамгийн сайхан хүн бол ТА л учраас сонсох эрхтэй үгээ өөртөө харамгүй хэлж байгаарай. Хэрэв та өөрөөсөө энэ үгсийг харамлаж байгаа бол яагаад өөр хүн танд хэлэх ёстой гэж? Танд өөрийгөө хайрлах зав олдохгүй байхад яагаад бусад хүмүүс тэр цагийг олж чадах ёстой гэж? Биднийг тэтгэгч хайрын амь хэр удаан орших нь хэн нэгнээс хамаарах нь ямар их эмгэнэл вэ ? Заавал " түүнийг эхэлж хэлснийх нь дараа...." гэж атгаглах нь ямар өчүүхэн бэ? Яагаад бид "ХАЙР" гэдэг тэнгэрийн амийг шавилхан гадсанд уяж орхино вэ? Гэвч тэр хэн нэгэн таны дэлгэж барьсан хайрыг гишгэсэн ч таныг тэр л дэвсэлтээрээ өндийлгөж байгаа гэж бод. Намайг, таныг, та биднийг хайрлаж, эс хайрлаж байдаг, басхүү гэгээн алсад ч хайрлан эс хайрлах амь бүрийг хайрлая !
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment