Бид хоёр хамтдаа гэсэн нэрийн дор 18 сарыг үджээ. Яг үнэндээ хамт байсан хугацаа тун бага. Шинэхэн хосуудын хувьд энэ бол асар урт хугацаа, заримынх нь хувьд ердөө л нэг өдөр шиг богино хугацаа. Зарим хүмүүс энэ хооронд нэгэн бие болтлоо уусч, бие биенээ мэдэрч чаддаг болсон бол ихэнх нь хоёр салангид хүмүүс шиг хэвээрээ л байдаг. Параллель хоёр шулуун шиг... Харин бид бие биендээ уусч чадсан гэж боддог юм.
Тэр минь өндөр туранхайвтар, их царайлаг… Гэхдээ царай зүсний аль нь ч намайг уяраагаагүй юм. Тэрний оюун бодол, ухаан л нөлөөлсөн хэрэг. Хамгийн гол нь тэр жирийн л нэг хүн биш, тэр бусдаас дэндүү өөр.
Бид танилцаад багагүй хугацаа өнгөрсөний дараа тодруулбал 3 жил болчихоод бие биенээ сонирхон шохоорхож арай дотно ярилцах болсон нь хачирхалтай ч бурханы зурсан зургаар л явсан нь энэ гэлтэй... Бусад хосууд шиг бид нүдрүүгээ ширтэлцэж байгаад хайрын түүхээ эхлүүлээгүй. Тийм боломж ч байгаагүй. Энэ нь ч бие биенээ ойлгоход илүү дөхөм байсан юм болов уу. Хэдийгээр тэр минь алс хол байдаг ч гэлээ бидний түүх гайхалтай романтик эхэлсэн. Өдөр бүр шахам л мессенжер гэж шидэт холбоогоор ярилцана. Хамгийн сонин нь миний сэтгэлийн гүндээ хав дарчихсан байсан бодлуудыг минь тэр ном уншиж байгаа юм шиг хэлээд байсанд би үнэхээр гайхах догдлох зэрэгцэж бодлоороо ойлголцож чаддаг хүмүүс байдаг гэхэд тэгж анх итгэж билээ. Түүнээс хойш бага багаар хүндэтгэх сэтгэл минь нэмэгдэж бид бага багаар дурлалцсаар байлаа. Гэхдээ энэ тохиолдол бол эр хүн анх удаа миний гадаад дүр төрх өнгө үзэмжинд биш үзэл бодол, зан ааш, бодол сэтгэлд минь дурласан тохиолдол. Яг үнэндээ над шиг бүсгүйн царай зүс түүнд нэг ч их сонин биш, надаас ч үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд түүнд байсан.
Тэр минь зөвхөн өөрийнхөө тухай магтдаггүй, миний тухай бүгдийг мэдэхийг хүсдэг юм. Эхлээд уруулыг минь биш духыг минь үнсдэг юм. Тэр хорвоогийн хамгийн ажилтай хүн байсан ч надад үргэлж завтай байдаг юм. Намайг яг амттанд шунасан хүүхэд шиг “ховдоглох” хүн бусдад үнэрийг минь ч алдчихвий гэж айгаад дэргэдээс минь нэг алхам ч холддоггүй юм. Од харвахад зөвхөн намайг бодож нүдээ аньдаг юм. Түүнд минь ирэх зам гэж байхаас эргэх зам байдаггүй юм. Тэр мянган хана хэрэм, хаалга цоожийг эвдээд над дээр ирдэг хүчтэй, нэг ширхэг үсээрээ түүнийг хүлэхэд мултарч чаддаггүй тийм дорой байдаг юм, ганцхан миний өмнө. Миний нулимсыг харж хичнээн шаналавч тэр нүдээ анилгүй тосож авдаг юм. Тэр хүн өөрөө хутга бүлүүлсэн байсан ч хурууны минь өндөг шалбарахад боож өгдөг юм.
Бид хоёр элдэв янзын гэхээсээ сэтгэлийн нягт нарийн холбоотой. Бусад хүн ойлгож чадахааргүй, энгийн нүдээр харвал эрүүл бус гэмээр үйлдлүүдээ ч бид хоёр ойлголцож чаддаг. Өөр хүнтэй ийм гүнзгий холбоо тогтоож чадна гэдэгтээ би эргэлздэг. Би түүнийгээ мөрөөдлийн минь эр, заяаны хань, цорын ганц хайр минь гэж итгэдэг. Би түүндээ хязгааргүй их хайртай....
0 comments:
Post a Comment